Иргэний бүртгэл

Төрсний бүртгэл

ЭСЯ нь БНПУ-д суугаа Монгол Улсын харьяат иргэдийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ. Хэрэв хүүхдийг 30-аас дээш хоногийн дараа бүртгүүлэх гэж байгаа бол хүүхдийн төрснийг бүртгүүлсэн эсэх тухай архивын лавлагааг УБЕГ-аас авч ирнэ.

Хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах баримт бичгийг бүрдүүлж, ЭСЯ дээр биечлэн ирж бүртгүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, БНПУ-д оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаараа бичнэ)
  2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа /польш гэрчилгээ/
  3. Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
  4. Эцэг, эхийн гадаад паспорт
  5. Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  6. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ

Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэнэ.

Төрсний бүртгэлийг үнэ төлбөргүй хийнэ.

 

Гэрлэлтийн бүртгэл

ЭСЯ нь Польшид оршин суугаа иргэд хоорондоо эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэхийг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ дээр биечлэн ирж бүртгүүлнэ. Үүнд:

  1. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар гэрлэхийг хүсэгчдээс ЭСЯ-ны нэр дээр хамтран гаргасан өргөдөл (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчид хоёулаа гарын үсэг зурж, БНПУ-д оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаараа бичнэ),
  2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэх /хуулбар байж болно/
  3. Гадаад паспорт,
  4. Өмнө нь гэрлэж байсан эсэх талаар УБЕГ-ын лавлагаа /өмнөх гэрлэлтээ цуцлуулсан, нас барсан бол холбогдох байгууллагын шийдвэр эсвэл түүхий баталгаажуулсан хуулбар/ Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай,
  5. Эрүүл мэндийн тодорхойлолт /сэтгэц, сүрьеэ, ДОХ-ийн шинжилгээ/.

Гэрлэлтийн бүртгэлийг үнэ төлбөргүй хийнэ.

 

Нас барсны бүртгэл

ЭСЯ нь дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

  1. Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
  2. Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
  3. Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.

Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний  хуулбар, гадаад паспортыг авч ирэх шаардлагатай.

 

Үрчлэлтийн бүртгэл

ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу үрчлэлтийн бүртгэл хийнэ. Үрчлэн авагч нь хүүхэд үрчилсний бүртгэл хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхэд үрчлэлтийн бүртгэл хийлгэх тухай ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн буюу үрчлүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/;
  2. Үрчлэн авагчийн дараахь баримт бичиг:
    • Иргэний үнэмлэх (нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай),
    • Гадаад паспорт (зурагтай хэсэг болон визтэй хэсгийн),
    • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ;
    • БНПУ-д оршин сууж буйг нотолсон баримт бичиг
  3. Үрчлэн авч буй хүүхдийн төрсний гэрчилгээ;
  4. Үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Тухайн хүүхдийг үрчлэхийг зөвшөөрсөн Сум, дүүргийн Засаг даргын шийдвэр (эх хувиараа);
  6. Сум, дүүргийн Засаг даргад хүүхдээ үрчлүүлэх тухай гаргасан эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  7. Үйлчилгээний хураамж 10 ам.доллар.

Тайлбар: Хүүхэд үрчилсний бүртгэл хийлгэх үед үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ЭСЯ дээр өөрийн биеэр ирэх шаардлагатай.

Эцэг тогтоосны бүртгэл

ЭСЯ нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр, өөрчлөгдөх эсэхийг дурьдсан байна/ үндэслэн бүртгэнэ. Эцэг тогтоосны бүртгэлийг хийлгэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж, биечлэн ЭСЯ дээр ирнэ. Үүнд:

  1. Эцгийн өргөдөл
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  3. Үндэсний гадаад паспорт
  4. Хүүхдийн төрсний гэрчилгээ /эсхүл төрсөн тухай баримт/

 

Иргэний шинэчилсэн бүртгэл

БНПУ-д оршин суугаа 16 нас хүрсэн, Монгол Улсын иргэн тус ЭСЯ дээр өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Төрсний гэрчилгээ,
  2. Иргэний үнэмлэх /хуулбар байж болно/,
  3. Гадаад паспорт.

Жич: Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирэхдээ өөрийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараагаар таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн хороо, сумын Засаг даргын тамгын газарт хэвлэгдэн очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авахуулна уу.

Бүртгэл үнэ төлбөргүй.