Нотариатын үйлчилгээ

Итгэмжлэл хийх

БНПУ-д оршин суугаа иргэн та өөрийн эрх, хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх гэх мэт үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ дээр биечлэн ирнэ. Үүнд:

  1. Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт),
  2. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримтын хуулбар,
  3. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

Үйлчилгээний хураамж 1 хуудас нь 10 ам.доллар

 

Баримт бичгийн хуулбар баталгаажуулах

Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг ЭСЯ гэрчилнэ. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг заавал авчрах хэрэгтэй.

Үйлчилгээний хураамж 1 хуудас нь 10 ам.доллар