БНПУ-ын Байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологичтой уулзав.

БНПУ-ын Байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич Пиотр Жиажио
Элчин сайд Б.Доржийг 2020 оны 1 дүгээр сарын 26-нд хүлээн авч уулзав. Уулзалтад
айлын талаас Геологийн институтийн профессор Антони Вуйчик, Гадаад харилцааны
газрын дэд захирал Михал Вонсовски, Геологийн хяналтын газрын дэд захирал
Михал Новошелски, манай талаас тус ЭСЯ-ны Зөвлөх А.Гэрэлмаа нар байлцав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой үндэс
суурийг бий болгох, Польш, Монголын хооронд бодитой, томоохон хамтын
ажиллагааг эхлүүлэх, геологи, палеонтологийн хамтын ажиллагааг
сэргээх шаардлагатай байгааг Элчин сайд цохон тэмдэглэж ярив.
1960-1990 оны хооронд хоёр орны хамтарсан экспедицүүд
Монголд ажиллаж, газрын ховор элемент, алт, нүүрс, хар тугалга, зэс, молибден,
цайр, жонш, мөнгө зэрэг ашигт малтмалын судалгаа хийж, гидрогеологи,
палеонтологийн хайгуул зэргийг хийж байсан билээ.
Польш Монгол хоёр улс эдийн засгийн хувьд зарим талаар төстэй. Польш
нүүрс, зэсийн салбарт арвин их туршлагатай, эрчим хүч нь нүүрсэнд суурилсан гэх
мэт зүйлсийг энд дурдаж болно. Бид зэс боловсруулах, кокс, хар төмөрлөг,
нүүрснээс нийлэг хий гаргах, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэр аж ахуйн
газруудыг барьж байгуулах, газрын тос, байгалийн хий болон бусад ашигт
малтмалын хайгуул, манай улсад дэд бүтцийн том төслүүдэд зайлшгүй
шаардлагатай хэрэглээний геологийн судалгааг хийх, судлаачид, ажилтан нар,
оюутан сургах, дадлагажуулах болон бусад чиглэлээр Польшийн талтай хамтран
ажиллаж болох юм.
Уулзалтын үеэр хоёр талын уул уурхай, геологийн салбарт олон жилийн
турш шийдэгдэхгүй явж ирсэн зарим асуудлыг эцэслэх, хоёр талын холбогдох
байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа баримт бичгүүдийг ойрын хугацаанд
байгуулахад чиглэлээр ажиллахаар тохиролцов.