ПОЛЬШИЙН РАДОМ ХОТОД МОНГОЛЫН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Варшав дахь ЭСЯ-наас БНПУ-ын Радом хотын Технологи, Хүмүүнлэгийн Ухааны Их  сургуульд “Монголын шинэ жил” соёлын арга хэмжээг 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээг Монголын уламжлалт сар шинийн баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан хийсэн болно.
Радом хотын Технологи, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дэд Ректор Проф. Док. Войчэх Журовски, олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Агнешка Домбровска, сурган хүмүүжүүлэх факультетийн декан Дариуш Тшешниовски нар арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын Радом хотын Технологи, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд суралцаж буй Монголын 58 оюутан болон тус сургуулийн польш оюутнууд дээрх арга хэмжээнд оролцов.
Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-ны Атташе Ж.Тэнгэр арга хэмжээг нээж,
Элчин сайд Б.Доржийн илгээлтийг тус сургуулийн удирдлагад гардуулав

Арга хэмжээний үеэр Польш дахь монголчуудын “Монгол аялгуу” хамтлаг ая дуугаа өргөж, хүний их эмч, доктор Ү.Байгалмаа Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжлийг харуулсан “Монголын эм тангийн хөгжлийн түүх” сэдэвт танилцуулгыг хийв.
Арга хэмжээний дараа БНПУ-д ажиллаж буй монгол эмч нар Радом хотод суралцаж буй оюутан залууст үнэ төлбөргүй үзлэг хийж эмчийн зөвлөгөө өглөө.