Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Егилс Левитст Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бархасын Дорж Итгэмжлэх жуух бичгээ 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цахимаар өргөн барив. Элчин сайд Б.Дорж Латви Улсын Ерөнхийлөгч Егилс Левитст Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцааг идэвхжүүлэн, хөгжүүлэх сонирхлыг илэрхийлэв. Латвийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсч, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, зам тээвэр, боловсрол, соёлын салбарт болон олон улсын байгууллагын хүрээний хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар талууд санал солилцов.
Түүнчлэн Элчин сайд Б.Дорж итгэмжлэх жуух бичгээ барихтайгаа холбогдуулан Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Андрис Пелшстэй 24-ний өдөр уулзсан бөгөөд Бүгд Найрамдах Латви Улсын Парламентын дэд дарга хатагтай Дагмара Бейтнере-Ле Галлатай 31-нд цахим уулзалт хийнэ.
Бүгд Найрамдах Латви Улсыг манай улсын Элчин сайд Бүгд Найрамдах Польш Улсаас хавсран суудаг болно.
Варшав дахь ЭСЯ