Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа тус улсын Ерөнхийлөгч, хатагтай Даля Грибаускайтед итгэмжлэх жуух бичгээ 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өргөн барив. Ерөнхийлөгч Далиа Грибаускатетэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг Элчин сайд уламжилж, Литвийн Ерөнхийлөгчийг Монголд урьсан урилгыг нотлов. Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт, түүний дотор улс төрийн дээд түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа Литвийн Ерөнхийлөгч илэрхийллээ.
Элчин сайд Н.Батааг ИЖБ-ээ барьсантай нь холбогдуулж, Литвийн Сеймийн дэд дарга Выдас Гедвилас, Зам тээврийн сайд Римантас Синкевичюс, Гадаад хэргийн дэд сайд Нерис Германас нар хүлээн авч уулзав. Элчин сайд Н.Батаа 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалт, Ази Европ Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт, АСЕМ-ийн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын урилгуудыг айлын талд гардуулж, эдгээр арга хэмжээнд зохих түвшинд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Дээрх уулзалтуудын үеэр талууд улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, зам тээвэр, цахим технологи, шуудан, мал эмнэлэг, боловсрол, эрүүл мэнд, монгол судлал зэрэг салбаруудад харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, эдгээр чиглэлд хийх тодорхой асуудлын талаар санал солилцов. Мөн Дипломат, албан паспорттай иргэд харилцан визгүй зорчих, Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг эцэслэн байгуулах талаар ярилцав. Элчин сайд Н.Батаа Литвийн Бизнесийн холбоонд уулзалт хийж, Литвийн талын сонирхсон асуудлаар мэдээлэл өгч, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо. Мөн Литвийн Тракай хотын удирдлагатай уулзаж, орон нутгийн хамтын ажиллагааны талаар болон 2016 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Монголын өдрүүдийг хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.