АНХААРУУЛГА

Монгол Улсын хилээр гадаад улсын иргэд тээврийн хэрэгсэлтэй нэвтрэх, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох асуудлыг 1968 оны Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийг үндэслэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

            Монгол Улс 1997 онд “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенц’’-д нэгдэн орсон. Уг конвенцид хэлэлцэн тохирогч талуудын эрх, үүрэг, замын хөдөлгөөний нийтлэг дүрэм, олон улсын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд тавигдах шаардлага, үндэсний болон олон улсын жолоочийн үнэмлэхний загвар, түүнд тавигдах шаардлага зэргийг тусгасан бөгөөд конвенцийн 3, 4 дүгээр бүлгийн шаардлагыг хангасан автомашин, чиргүүл, жолооч нарыг өөрийн нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцуулах үүргийг хүлээсэн байдаг.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгогдсон жолоочийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”-оор заасан байдаг.

            Мөн гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг улсын хилээр түр хугацаагаар оруулах, нутгийн гүн рүү тээвэрлэлт хийж тодорхой хугацааны дараа буцаан гаргах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тохиолдолд Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмыг мөрдлөг болгоно.

            Монгол Улсын Гаалийн хууль тогтоомжид “гадаад улс оронд байнга оршин сууж буй гадаадын болон дотоодын иргэд тухайн оршин суугаа орны улсын бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр нэвтрэхэд тээврийн хэрэгслийг нь гаалийн болон бусад татвар хураамжгүйгээр эсхүл гаалийн болон бусад татварын барьцааг байршуулсаныг үндэслэн түр хугацаагаар орохыг зөвшөөрч, буцаан гаргах хүртэлх хугацаанд тусгай бүртгэлээр хяналт тавин ажиллана” гэж заасан байдаг. Энэхүү үйл ажиллагааг дор дурдсан эрх зүйн баримт бичгээр зохицуулна. Үүнд:

  1. Гаалийн тухай хууль /2008 онд шинэчлэн найруулагдсан/;
  2. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам /ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 468 дугаар тушаалаар батлагдсан/;
  3. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам /ГЕГ-ын даргын 2010 оны “Журам батлах тухай’’’ 638 дугаар тушаалаар батлагдсан/;
  4. Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам /ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 676 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан/;
  5. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам /ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан/.
  6. Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам / ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 677 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан/;
  7. Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам /2008 оны “Журам батлах тухай” 680 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан/.
  8. Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Олон Улсын конвенц /Монгол Улс 2006 онд нэгдэн орсон/;
  9. Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай конвенц /Монгол Улс 2002 онд нэгдэн орсон/.

            Эдгээр хууль, тогтоомжуудтай Монгол Улсын гаалийн байгууллагын www.customs.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой.

            Гаалийн байгууллага дээр дурьдсан хууль тогтоомжийн хүрээнд дараах бичиг баримтийг тээврийн хэрэгслийг жолоодон улсын хилээр нэвтрэх зорчигчоос шаарддаг. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  2. Тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн паспорт /эзэмшигч нь өөр байх тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл/;
  3. СРО карней түүний эх хувь;
  4. Аялал жуулчлалын үйл ажиллагааг Монгол Улсад хариуцан зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, холбоо барих ажилтны утас /Монгол Улсад оршин сууж буй хувь хүний урилгаар ирж буй тохиолдолд уригч этгээдийн мэдээлэл/ зэрэг болн.

            Бичиг баримтын бүрдэл нь тухайн тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжгүйгээр оруулах нөхцлийг хангаагүй тохиолдолд Гаалийн байгууллага бүрдүүлэлтийн горимын “500” кодоор бүрдүүлэлт хийлгэж, татварын барьцаа байршуулахыг шаардах эрхтэй.

            Түр хугацаагаар оруулсан тээврийн хэрэгслээ буцаан гаргах боломжгүй болсон тохиолдолд дор дурдсан арга хэмжээг авна. Үүнд:

  1. Зам тээврийн осол гаргасан тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэмд заасны дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, анхан шатны тусламж үйлчилгээг авах эрхтэй;
  2. Эвдэрч гэмтсэний улмаас түүнийг замын хөдөлгөөнд дахин оролцуулан жолоодох боломжгүй тохиолдолд өөр бусад тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн Гаалийн хууль тогтоомжид заасны дагуу хамгийн ойр байгаа гаалийн байгууллагад хүргэж, гаалийн бүрдүүлэлтийг хийлгэн буцаан гаргах арга хэмжээг авна. Энэ тохиолдолд Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй;
  3. Бусад тээврийн хэрэгсэл /чингэлэг болон агаарын карго ачаа, улс хооронд тээвэр хийх тусгай зориулалт бүхий автомашинд ачиж илгээх/-ээр илгээх шаардлага үүссэн тохиолдолд мөн адил олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй болно;
  4. Өөрөө жолоодон хилээр буцаж гарахгүй тохиолдолд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн итгэмжлэлийг Монгол Улсын Иргэний хуулийн дагуу хийж, нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагатай;
  5. Монгол Улсад оршин суугаа бусад этгээдэд бэлэглэх, худалдах тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн дагуу зохих гэрээ хэлцлийг хийж, нотариатчаар гэрчлүүлсний үндсэн дээр хамгийн ойр байрлаж буй Гаалийн байгууллагад очиж гаалийн болон бусад татвар хураамжийг төлөн гаалийн бүрдүүлэлтийг хийлгэнэ;
  6. Монгол Улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар үлдээх тохиолдолд хамгийн ойр байрлаж буй гаалийн байгууллагад очиж бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ гаргаж, гаалийн болон бусад татварын барьцааг байршуулж бүрдүүлэлт хийлгэн, нэг хүртэлх жилээр үлдээх эрхтэй. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээ хадгалуулан хариуцуулж буй этгээдийн талаарх мэдээллийг гаалийн байгууллагад гаргаж өгнө;

      7. Гаалийн болон бусад татварын барьцааг байршуулах боломжгүй тохиолдолд Улаанбаатар хот дахь гаалийн газарт хандаж гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтээ гаргана. Гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор бүрдүүлэлт хийлгэсэн тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар, гаалийн болон бусад татваргүйгээр зөвхөн агуулахад хадгуулсан хугацааны төлбөрийг агуулах эзэмшигч этгээдэд төлөх давуу талтай юм. Гаалийн баталгаат агуулахад хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь улсын орлогод шилжих хуулийн үндэслэлтэй болно.