Элчин сайд Б.Дорж Польшийн Палеобиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Яворскитэй 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
1960, 1970 онд Польшоос хамтарсан экспедицүүд Монголд ажиллаж, томоохон нээлтүүд хийж байсан түүх байгааг дурдаж, энэхүү хамтын ажиллагааг шинээр сэргээн идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа манай тал тэмдэглэв.
Польшийн Палеобиологийн хүрээлэнгийн удирдлага өмнөх хамтын ажиллагааны уламжлалыг үргэлжлүүлж, палеонтологи, биологийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Хамтын ажиллагааны боломжтой тодорхой чиглэлийг тогтоох, эрдэмтэд судлаачдыг солилцох, Монгол, Польшийн хамтарсан экспедици Монголд очсоны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх, хээрийн судалгааны станцыг Монголд байгуулах, харилцан палеонтологийн үзэсгэлэн гаргах, Монголд палеонтологийн чиглэлээр хийгдэж буй ажлуудад Польшоос дэмжлэг авах зэрэг хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг уулзалтын үеэр хөндөж ярилцав.
Варшав ЭСЯ