МОНГОЛ, УКРАИНЫ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ КИЕВТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг ойн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-нд Украин Улсын Парламентын ордонд зохион байгуулав.

Дээрх арга хэмжээнд Украины Верховна Радагийн Гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Мережко, Украин-Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кривошеев, Гадаад хэргийн дэд сайд Д.Сеник нар болон албаны бусад хүмүүс айлын талаас оролцов.
Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирснийг талууд хэлсэн үгэндээ тэмдэглэж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Украин Улсад амьдарч буй зохиолч, судлаач Ц.Цогтсайхан өөрийн олон жилийн судалгаан дээрээ үндэслэн Чингис Хааны өсвөр насных нь тухай өгүүлсэн уран зохиолын номыг орос, украин хэлээр бичиж «Путь Цапли» нэртэйгээр хэвлүүлсэн бөгөөд энэхүү номыг Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Украин Улсын Парламентын ордонд болсон арга хэмжээний үеэр танилцуулсан бөгөөд мөн өдрийн үдэш олон нийтэд зориулж Киевийн нэртэй «Сяйво книги» номын дэлгүүрт нээлтийг хийв.
Ц.Цогтсайхан сүүлийн 10 орчим жилийн турш судалгаа хийж, " Монголын нууц товчоо"-г Украин хэлнээ орчуулж, Украины Дорно дахины судлалын үрээлэнтэй хамтран хэвлэлтэд бэлтгэж байгаа болно.
Монголын ардын урлагийн Хөх тэнгэр хамтлаг урьж, 30 жилийн ойн арга хэмжээнүүдэд тоглуулсан нь Украинчуудын сонирхлыг ихэд татав. Украины Геологчдын холбоо, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг томоохон байгууллага, компанийн удирдлагууд, улс төр, урлаг, соёлын зарим нэртэй зүтгэлтнүүд урилгын дагуу хүрэлцэн ирж, дээрх арга хэмжээнүүдэд оролцлоо.

Варшав дахь ЭСЯ