Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Варшав хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний нээлтэд хоёр улсын төрийн дууллыг морин хуураар эгшиглүүлэн тоглосон нь онцгой уур амьсгал бүрдүүлэв. Хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Наваан-Юндэнгийн Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд ноён Владислав Теофил Бартошевски нар нээж, хүндэт зочдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв.
Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өв болох морин хуурын уламжлалт хөгжим, уртын дуу, хөөмий, бие биелгээ, үндэсний наадмын элементүүдийг толилуулан соёлын хөтөлбөрийг хүргэлээ.
Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд”, “Зосон” брэндийн ноолуурын бүтээгдэхүүнийг танилцуулж, Монгол, Польш Улсын хамтын ажиллагааны түүхэн баримт бичгүүд, Монгол орны байгаль, ахуй соёлыг харуулсан гэрэл зургууд болон барималч Д. Түвдэндорж, зураач Ц. Солонго нарын уран бүтээлүүд бүхий үзэсгэлэн дэглэн оюуны мэлмийд толилуулав.