БНПУ-ын Шадар сайд болон Төрийн өмчийн сайд Я.Сашинтай Элчин сайд Б.Дорж уулзав.

БНПУ-ын Шадар сайд болон Төрийн өмчийн сайд Яцек Сашин Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг 2021 оны 3 дугаар сарын 4-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Польшийн тал Азийн чиглэлд харилцаагаа хөгжүүлэх, түүний дотор Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавьж буйг Шадар сайд Я.Сашин онцлон тэмдэглэв. Мөн Польшийн уул уурхай, эрчим хүч, тээвэр, түлш шатахууны томоохон компаниуд Монголыг сонирхож байгаа тул ойрын үед тэдгээрийн төлөөлөгчдийг Элчин сайдтай болон Монголыг талын холбогдох байгуулагуудтай уулзуулах, улмаар  Польшийн томоохон компаний төлөөлөгчдийг Монголд илгээж, байдлыг танилцуулах саналыг Шадар сайд  Я.Сашин манайд тавив.

Элчин сайд Б.Дорж манай гуравдахь хөрш БНПУ-тай харилцах, туршлага судлах, хамтран ажиллах нь манай улсынхувьд маш чухал гэдгийг тэмдэглээд, энэ харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломжууд байгаа талаар айлын талд  танилцуулж, Засгийн газрын удирдлагын төвшний харилцааг идэвхжүүлэхийг санал болгов.

Засгийн газар хоорондын эдийн засгийн комиссийн хурал 2014 оноос хойшлогдож ирснийг анхааран үйл ажиллагааг нь сэргээх, хоёр улсын Засгийн газрын хооронд 1981 онд байгуулсан “Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх, зарим төрлийн эрдсийн түүхий эдийг олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг шинэ нөхцөлд тохируулан шинэчлэн байгуулах, холбогдох яам байгууллагуудыг холбож,  дагалдах тохиролцоонуудыг хийх  зэргээр хамтран ажиллана гэж талууд тохиролцов.