БОГД ХААНЫ ЗАХИАЛГААР 10,000 ШИРХЭГ ТҮМЭН АЮУШ БУРХНЫГ БҮТЭЭСЭН ПОЛЬШИЙН НОРБЛИН ҮЙЛДВЭРИЙН БАЙРАНД АЮУШ БУРХНЫ ҮЗМЭРИЙГ НЭЭВ

2023.10.09
Богд Хаант Монгол Улсын Засгийн газрын захиалгаар 1913-1914 онд Польшийн
Варшав хот дахь Норблин үйлдвэрт 10,000 ширхэг Аюуш бурхан үйлдвэрлэснээс
үлдэж хоцорсон хоёр бурхныг танилцуулах “ВАРШАВЫН БУДДА” үзмэрийн нээлтийн
үйл ажиллагаа БНПУ-ын Норблин үйлдвэр байсан байранд 2023 оны 10 дугаар сарын
9-нд болж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн
Эрхт Элчин сайд Б.Дорж, Норблин үйлдвэрийн музейн захирал Артур Сетневски нар
үзмэрийг нээв.
Дээр дурдсан түүхэн энэ үйл явдлын тухай танилцуулга – уулзалт нээлтийн
дараа болов. Энэ үеэр Элчин сайд Б.Дорж үг хэлж, хоёр талын харилцаа, соёлын
хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийж буй Элчин сайдын яамны хүчин
чармайлтыг танилцуулж, энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа
илэрхийлж, зохион байгуулагчдад талархлаа илэрхийлэв.
Мөн Норблин үйлдвэрийн түүхийн талаар Норблин үйлдвэрийн хуучин эздийн
удам, “Манай Норблин” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, түүхч Кшиштоф
Виттельс, Монгол дахь буддийн шашны хөгжил, дээр дурдсан захиалгатай
холбогдолтой бичиг баримтын орчуулгын талаар Монгол судлаач, орчуулагч
Ирэнэуш Рошчипала, Аюуш бурхны үзмэрийн талаар Ази Номхон далайн музейн
ажилтан, Мачей Магура Горальски, Варшавын Буддаг бүтээсэн техник, технологийн
талаар Норблин үйлдвэрийн музейн технологийн мэргэжилтэн, сэргээн засварлагч
Януш Мрүз нар тус тус танилцуулга хийв.
Түүнчлэн буддын соёлын нэрт мэргэжилтэн, 30 гаруй номын зохиогч,
орчуулагч, Канад улсын иргэн, лам Гленн Муллин яриа хийсэн нь онц сонирхолтой
байв. Тэрээр Аюуш бурхдыг Польшид үйлдвэрлэсэн асуудлыг олон нийтэд
танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй нэгэн юм.
Варшав хотын төвд орших Норблинд дээрх үзмэрийг энэ оны эцэс хүртэл олон
нийтэд танилцуулах ажээ. Аюуш бурхдыг Монгол Улсын тухайн үеийн Засгийн газрын
захиалгаар Польшид хийлгэснийг баруунд олноор үйлдвэрлэгдсэн анхны Будда гэж
үздэг ажээ. Энэхүү хоёр бурхан нь бүрэн гүйцэт хийгдээгүй бөгөөд Польшид ямар нэг
байдлаар үлдэж хоцорсон бололтой гэж таамаглаж байгаа бол Монголд Гандан хийд,
Эрдэнэ зуу, Богдын музей зэрэгт хэдэн арван бурхан хадгалагдан үлдсэн мэдээлэл
байдаг.